ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 6 /kommersant/. Бархасбадийн дагуул Европа дээр 1 сая орчим хүн амьдрахад хангалттай хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгч өдөр бүр үүсдэг болохыг батлах шинэ мэдээллийг Америкийн сансар судлалын НАСА агентлаг “Juno” гараг хоорондын станцаасаа хүлээн авчээ.
Эрдэмтэд 1989 онд хөөргөсөн “Galileo” сансрын аппаратын өгөгдлийг судласныхаа дараа Европа дээр хүчилтөрөгч үүсэх боломжтой гэж анх таамаглаж байсан бол одоо “Juno” станцын өгөгдөл хүчилтөрөгч Европагийн далайгаас ялгардаг байж магадгүй гэсэн судлаачдын таамаглалыг улам бататгажээ.
Европа бол доор нь далай тэнгис, биологийн амьдралын зарим хэлбэр нуугдаж байж магадгүй мөсөөр хучигдсан гараг юм. Бархасбадь гаргаас ялгарах цэнэгжсэн бөөмсийн урсгалд байнга өртдөг тул Европа дээр хүчилтөрөгч үүсдэг гэж үздэг. Уг дагуул нь аварга гаргийн цацрагийн бүсэд байрладаг. Цацрагийн нөлөөгөөр усны молекулууд буюу өөрөөр хэлбэл гаргийн гадаргууг хучсан мөс устөрөгч ба хүчилтөрөгч болон задран хуваагдсан байх магадлалтай бөгөөд энэ нь “Juno” станцын мэдрэгчид бүртгэгдсэн ажээ. Улмаар тус станцын өгөгдлийг судалсны дүнд Европа дээр секундэд 12 кг хүчилтөрөгч ялгардаг болохыг тогтоосон байна.
Одоо Бархасбадь гаргийн саран дээрх хүчилтөрөгчийн ялгарлыг судлах нь 2024 оны 10 дугаар сард хөөргөх НАСА-гийн “Europa Clipper” гараг хоорондын станцын даалгавруудын нэг болно. Уг станц 2030 онд Бархасбадийн системд хүрснийхээ дараа Европа дээр амьдрахад тохиромжтой нөхцөл байгаа эсэхийг судалж эхлэх ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал