Унгар улсад зохион байгуулагдаж буй "Парис-2024" Олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын эрэгтэй шигшээ баг D хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд Изралийн шигшээ багтай тоглохоор болов.
Хоёр багийн тоглолт өнөө орой орой 22.15 минутаас явагдах бөгөөд Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтсан билээ.
Монголын эрэгтэй шигшээ баг Польш, Бельги, Японы багуудтай нэг хэсэгт багтаад байсан юм. Улмаар хоёр хоногийн өмнө Польш, Бельгийн багуудтай хийсэн тоглолтоо ялалтаар өндөрлүүлээд байсан Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Япон улсын шигшээ багийг хожсоноор хэсгээ тэргүүлсэн юм.
Монгол-Япон улсын шигшээ багуудын тоглолт үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн тулаан боллоо. Цаг дуусах дөхөөд байхад онооны харьцаа 18:18 болж тэнцээд байв. Харин сүүлийн мөчид манай шигшээ багийн тамирчин А.Ананд хоёр оноо авч чадсан нь хожлын оноог багтаа авчирлаа. Японы шигшээ багтай хийсэн тоглолтод манай тамирчдын авсан оноо болон довтолгооны үзүүлэлтийг сонирхуулбал,
А.Ананд – 5 оноо, 1 самбар, хожлын шидэлт
Э.Дөлгөөн – 7 оноо, 3 самбар, 5/10 довтолгоо
О.Энхбаатар – 3 оноо, 1 самбар, 3/4 довтолгоо
Д.Дэлгэрням – 5 оноо, 5 самбар, 5/6 довтолгоо хийсэн байна.
Ийнхүү Унгарт явагдаж буй “Парис-2024” Олимпын эрх олгох тэмцээний хэсгийн тоглолтуудад Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт авсан оноогоор бусад багуудаа тэргүүллээ.
Монгол – 62 оноо
Франц – 60 оноо
Япон – 59 оноо