ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 13 /CNN/. Олон жилийн турш таамаглал шуугиан дэгдээсний эцэст “Sony” компани өөрийн алдартай бүтээгдэхүүн болох “PlayStation 5”-ын /PS5/ шинэчлэн сайжруулсан хувилбарыг видео тоглоомын консолийн хувьд хамгийн өндөр үнэтэйгээр худалдаанд гаргахаар шийдвэрлэжээ.
“PS5 Pro” ирэх 11 дүгээр сарын 7-ноос 700 ам.доллароор худалдаалагдаж эхэлнэ гэж “Sony” компани мэдэгдлээ. Энэ нь 2020 онд худалдаанд гарсан “PS 5”-аас 40 орчим хувиар илүү үнэтэй гэсэн үг. Шинэ төхөөрөмжийн урьдчилсан захиалга есдүгээр сарын 26-наас эхэлнэ.
“Хамгийн сүүлийн үеийн консолийн хувьд хүчин чадал нь сайжирч, хурд нь 45 хувиар нэмэгдсэн. Энгийн үгээр хэлбэл, энэ бол бидний бүтээсэн хамгийн хүчирхэг консоль юм” гэж “PS5 Pro”-гийн ахлах зохион бүтээгч Марк Серни дүрс бичлэгээр хийсэн танилцуулгын үеэр онцлон хэллээ.
“PS5” консоль нь худалдаанд гарснаасаа хойш 56 сая гаруй ширхэг зарагдсан гэж “Sony” компани мэдээлээд, энэ санхүүгийн жилд 18 сая ширхэг зарагдана хэмээн урьдчилсан тооцоолоод байгаагаа дурдсан байна. Энэ нь өмнөх оны мөн хугацаанд борлуулсан төхөөрөмжийн тооноос /20.8 сая/ ялимгүй цөөн юм гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
“PS5”-ын борлуулалтыг өмнөх хувилбартай нь харьцуулахад сул байгаа бөгөөд “PS4” нь 2013 онд худалдаанд гарснаасаа хойш 114 сая гаруй ширхэг борлогдсон байна. Улмаар “PS4” тоглоомын ертөнцөд ноёрхож, “Microsoft Gaming” компанийн бүтээсэн “Xbox One”-ийг хол орхижээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!