Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Энэ удаа уг шагналыг шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг нарт хүртээв.
Түүнчлэн хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нарийн мэргэшлийн судлаач бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын ШУА-ийн Алс Дорнодын холбооны их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, академич Валентин Иванович Сергиенко, Японы Каназавагийн их сургуулийн профессор Кацүжи Ёшиока “Хубилай хаан”-ы алтан медалиар шагнав.
Энэхүү шагналыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ц.Цэрэндорж гардуулж хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд тус үйл ажиллагаанд хүндэт зочдоор “Чингис хаан” одонт, академич Д.Доржготов, Х.Намсрай, Сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар, академич Р.Барсболд тэргүүтэй хүмүүс оролцсон юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!