ЖАЙКА-Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Сангийн Яам, Эдийн Засаг, хөгжлийн Яам, “Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Техникийн Хамтын Ажиллагааны “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай төслийн үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Эдийн Засаг, хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга И.Батхүү, Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Ганбат, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Мияаги Кэнсүкэ болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.
Техникийн хамтын ажиллагааны “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийг 2025 оны 3 дугаар сараас эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Тодруулбал, улсын төсөвт дарамт учруулах магадлалтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн төрийн болон хувийн хэвшлийн түншлэгчийн эрсдэлийг оновчтой тодорхойлон үнэлж, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг төсөв, санхүүгийн удирдлагад тусгах, улсын хөрөнгө оруулалтын удирдлагаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд, шинээр батлагдсан Төр, хувийн хэвшлийн тухай хууль болон дагалдах дүрэм журмын дагуу хэрэгжих ТХХТ-ийн төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, улмаар болзошгүй өр төлбөрийн талаас үүсэх эрсдэл талаас нь зөвлөмж өгөхөөс гадна, тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах холбогдох хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад болон дотоодын богино хугацааны сургалтыг зохион байгуулах, “Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: ЭЗХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!