Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2023оны ээлжит хуралдаан 2023.03.22-ны өдөр боллоо.
Хуралдааныг Эрчим хүчний дэд сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулав.
Улс орны эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэрлэснээрээ онцлог хуралдаан боллоо.
Тухайлбал, “Аж үйлдвэрийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ашиглан өөрийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилго бүхий “35МВт хүчин чадалтай шингэн түлшээр ажиллах дулааны цахилгаан станцынтехник эдийн засгийн үндэслэл” төслийг хэлэлцлээ.
Мөн “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудын гүйцэтгэсэн бүс нутгийн нүүрсний ордуудыг түшиглэн шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулан тухайн бүс, орон нутгийг цахилгаан эрчим хүчээр хангах, эрчим хүчний системтэй зэрэгцэн ажиллаж эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох зорилго бүхий “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 30МВт-ын дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл” зэрэг 5 төслийг хэлэлцэн шийдвэрлэв.
Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажилласан байна.