
Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт , Бат-Очирын СЭР-ОД ( 44 нас) 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Бостоны марафонд хурд сорив.
Дэлхийн долоон том марафоны нэг ( World marathon majors) болох Бостоны марафон нь дэлхийн хамгийн ууган, бас хамгийн алдартай марафоны нэг нь юм.
Энэ жил 130 дахь удаагаа зохиогдсон Бостон марафонд Б.Сэр-Од маань "элит гараа" гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг "pro field" -д гүйж, 2:16:41 амжилтаар 54 дүгээр байрт орлоо.
Бостоны марафонд Монголын марафонч анх удаагаа "элит гараанд" уралдсан нь энэ бөгөөд Б.Сэр-Од 40-44 насны ангилалд гуравдугаар байрт бичигдлээ.
Энэ жилийн Бостон марафонд нийтдээ 137 орны 30 000 гаруй ( мэргэжлийн элит, сонирхогчид, пара бүгд нийлээд) гүйгч оролцсон бөгөөд эдний дунд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон, 1968 онд Бостоны марафонд түрүүлж байсан, эдүгээ 79 настай , сэтгүүлч Эмби Барфут , сансрын нисэгч Сунита Уильямс нарын олны танил хүмүүс ч байлаа.
Алдарт Бостоны марафоны элит гараанд уралдсан Монголын анхны марафонч Б.Сэр-Од олимпийн наадамд зургаан удаа ( 2004,2008,2012,2016,2020,2024) , хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 удаа оролцсон манай гараг дээрхи анхны бөгөөд цорын ганц марафонч гэдгээрээ дэлхийд алдартай билээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин