Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголчуудын өнө эртний түүх, соёлын өвийг тээж ирсэн уламжлалт спорт, тоглоом наадгайг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой “Үндэсний спортын VIII наадам” өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмын анхан шатны тэмцээнүүд өнгөрсөн хавар орон даяар явж, тэндээс шалгарсан тамирчид 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-нд “Хүй долоон худаг”-т хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Энэ удаагийн наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 30 багийн 1672 тамирчин /1282 эрэгтэй, 390 эмэгтэй/ үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Наадмын үйл ажиллагаанд 111 дасгалжуулагч болон албаны төлөөлөл, 125 шүүгч, 35 зохион байгуулагч, 55 хүндэт зочин зэрэг нийт 2026 хүн ажиллаж байгаа аж.
Наадмаар дараах үндэсний спортын 12 төрлөөр аваргуудаа тодруулна. Үүнд,
- Үндэсний бөхийн барилдаан
- Үндэсний сурын харваа
- Үндэсний шагай
- Үндэсний хурдан морины уралдаан
- Урианхай сурын харваа
- Уламжлалт сурын харваа
- Ширээний шагайн спорт
- Жороо морины уралдаан
- Морин дээрх барилдаан
- Морьт сурын харваа
- Адуучин тэмцээн
- Буриад сурын харваа
Тус наадмын нээлт маргааш “Хүй долоон худаг”-ийн төв талбайд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Цогзолмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!