Нэгдсэн үндэстний байгууллагын “Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба” (UNODC)-наас бага, дунд орлоготой улс орнуудад бусад улсад амжилттай хэрэгжсэн “Гэр бүлд болон сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийг зөвлөмжилсөн.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1064 гэмт хэрэг, 1300 яллагдагч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Насны байдлаар авч үзвэл 53.9 хувийг 18-25 насны хүн, 32.7 хувийг 26-35 насны өсвөр үе, хүүхэд залуучууд эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын насны байдал залуужиж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зорилгоор 2022 онд “Анзаар” арга хэмжээг Нийслэл хотын хэмжээнд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд 852 удаагийн сургалт, мэдээллийн ажлыг танхимаар зохион байгуулж 45 мянга гаруй хүнийг хамруулснаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 42 хувиар буурч, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйл зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагуудад холбон зуучилсан.
Мөн 2023 онд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Анзаар” арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна.