ШАНХАЙ, 2026 оны долоодугаар сарын 27 /Forbes/. Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч "CXMT" компани анх удаа хөрөнгийн биржид бүртгүүлж хувьцаагаа гаргасны дараа нэгж хувьцааных нь ханш 55.03 юаньд (8.1 ам.доллар) хүрсэн тухай "Bloomberg" агентлаг зах зээлийн мэдээллийг эш татан уламжилжээ.
Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд юаньд (547 тэрбум ам.доллар) хүрч, Хятадын эх газрын хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон байна.
Энэ нь Хятадын түүхэн дэх хоёр дахь том, 2026 онд Ази тивд хийгдсэн хамгийн өндөр дүнтэй IPO болсон байна. Хятадын хамгийн том IPO хийсэн дээд амжилтыг тус улсын Хөдөө аж ахуйн банк 2010 онд 10 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснээр тогтоож байжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, хувь хөрөнгө оруулагчдад зориулсан хувьцааных нь захиалга нийлүүлэлтээс 212 дахин давсан байна. Хувь хөрөнгө оруулагчид нийт 9.4 сая захиалга өгч, захиалгын нийт дүн 7.07 их наяд юань (1.04 их наяд ам.доллар) болсон нь Америкийн "SpaceX" компани IPO хийх үеэр хувь хөрөнгө оруулагчдаас ирж байсан захиалгын хэмжээнээс бараг 10 дахин их үзүүлэлт ажээ.
CXMT нь хиймэл оюуны (AI) загварууд бодит цагийн горимд өгөгдөл боловсруулахад нэн шаардлагатай DRAM санах ойн чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус компани дэлхийн санах ойн чипний зах зээлийн 7.7 орчим хувийг эзэлдэг бол үлдсэн 90 хувийг салбарын гурван том компани болох "SK Hynix", "Micron", "Samsung" хянадаг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!