Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA DAY/ өдрүүдээр Монголын Үндэсний шигшээ баг Европ тивийг зорьж ОУХБХ/ФИФА/-ны чансааны 78 дугаар байрт бичигдэж байгаа Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг Батуми хотод ирэх бямба гарагт буюу 3 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотын цагаар 22.00 цагаас эхлүүлэх юм.
Монголын Үндэсний шигшээ багийн хувьд ОУХБХ-ны чансааны 183 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд анх удаагаа Европ тивийн чансаа дээгүүр бичигддэг улсын шигшээ багтай тоглолт хийх гэж байна.
Гүрж улсын шигшээ багт энэ жил Италийн Сери А Лигийн Наполи клубийн од болон гялалзаж буй Хвича Кварацхелия болон Европын томоохон лигүүдэд тоглодог нийт 23 тоглогч дуудагдсан байгаа юм.
Харин Монголын Үндэсний шигшээ багт Словакийн Лигийн Комарно клубээс Г.Ганбаяр дуудагдаж шигшээ багтаа нэгдэж Гүржид очсон байгаа билээ.
Өчигдөр орой Үндэсний шигшээ баг тоглолт болох Батуми хотын цэнгэлдэхэд эхний бэлтгэлээ хийлээ.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо