Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA DAY/ өдрүүдээр Монголын Үндэсний шигшээ баг Европ тивд Гүржийн Батуми хотноо ОУХБХ/ФИФА/-ны чансааны 78 дугаар байрт бичигдэж байгаа Гүржийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт /2023.03.25/ хийлээ.
Анх удаагаа Европын багтай хийсэн энэхүү түүхэн тоглолтод Монголын “Хөх чононууд” үнэхээр бахдам сайхан тоглож чадлаа. Европын багт анхны гоол, торгуулийн 11 метрийн цохилтыг хаасан анхных гээд ур чадвар ахиж байгаа гэдгээ монголчууддаа төдийгүй олон улсад харууллаа. Европын багийн эсрэг анхны түүхэн тоглолтонд Батболдын Балжинням нэр төрийн анхны гоолыг 31 дэх минутад оруулсан.
Энэхүү нөхөрсөг тоглолтонд Гүржийн шигшээ баг өөрийн талбай дээр Монголын багийг 6:1-ээр хожлоо.
Хуучин ЗХУ-ын үед Тбилисийн “Динамо” клуб нь ЗХУ-ын 2 удаагийн /1964, 1978/ аварга, мөн /1976,1979/ цомын хошой аварга болж байсан шилдэг баг юм. Тбилисийн “Динамо” багаас алдарт хөлбөмбөгчин Владимир Гуцаев, Виталий Дараселия. Шенгелия, Чивадзе, Давида Кипиани нар тодорсон билээ.
Монголын хөлбөмбөгийн энэ цаг үеийн “Хөх чононууд” Европын ийм хүчирхэг багийн талбай дээр нь тоглож гоол оруулж чадлаа. ФИФА-гийн чансаагаар Гүрж 78, харин Монгол 183-д эрэмбэлэгдэж байгаа. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны багш дасгалжуулагчид, баг тамирчид амжилттай сайн ажиллаж, хичээж зүтгэж байгааг энэ тоглолт харууллаа.