Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн түүх харьцангуй богино настай ч манай тамирчид өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлж, түүхийн шинэ шан татсаар ирсэн.
Тухайлбал, сүүлийн гурван Азийн наадамд дараалан өрсөлдөж, Азийн АШТ-ий В дивизионд анх удаа хүч сорьж, сүүлийн гурван жил дараалан лигийн тэмцээнээ амжилттай зохион байгуулав. Энэ дундаас ялгарах онцлог мөч нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ “Токио-2020” олимпын наадамд багийн спортын төрлүүдээс анх удаа эрхээ аван өрсөлдсөн явдал байлаа.
Харин энэ өдрүүдэд түүхийн хуудсыг баяжулах нэгэн чухал үйл явдал нийслэл Улаанбаатар хотноо, “M Bank Arena”-гийн талбайд болж байна. Тодруулбал, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ түүхэндээ анх удаа олон улсын тэмцээнийг эх нутагтаа хүлээн авч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө өрсөлдөхөд бэлэн болжээ.
2025 оны Азийн АШТ-ий В дивизионы Зүүн бүсийн урьдчилсан шатанд манай охид Хонконг, Тайванийн багуудтай өрсөлдөхөөр болсон. Өчигдөр тэмцээний эхний тоглолт явагдаж, Тайванийн баг Хонконгийг буулгаж авсан. Харин өнөөдөр манай охид 15:00 цагаас Хонконгийн эсрэг тоглох юм. Олимпын наадмын оролцогч, өдгөө БНХАУ-ын лигт хүчин зүтгэж буй О.Хулан шигшээ багтаа туслахаар эх орондоо ирээд байгаа билээ.
Эх нутагтаа, хөгжөөн дэмжигчдийнхөө өмнө анх удаа тоглох гэж буй шигшээ багийн охиддоо амжилт хүсье!