Азийн зуны спортын ХХ наадам Япон улсын Айчи мужийн төв Нагояа хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдана.
1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг хүлээн авч байсан Япончууд ийнхүү 3 дахь удаагаа Нагояа хотноо шар тивийн наадмыг хүлээн авах юм.
“Ханжоу-2022” Азийн наадам нь "COVID-19" цар тахлын улмаас 2023 он руу хойшлогдсон тул, 2026 оны наадам нь Азийн наадмын уламжлалт 4 жил тутмын мөчлөгтөө дахин орж буйгаар онцлогтой.
Азийн наадмыг сурталчилах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ нь Азийн наадмын уламжлалт үйл ажиллагаа бөгөөд “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын зохион байгуулагч орныг олон нийтэд таниулах, соёлын сурталчилгаанд чиглэсэн.
Тиймээс Олон улсын “Олимпын өдөр” буюу зургаадугаар сарын 23-ны өдөр "Asian Games-Fun Run" Хөгжөөнт гүйлтийн арга хэмжээг Улаанбаатар хотноо “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулахаар Үндэсний олимпын хороо бэлтгэл ажлаа хангаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.