ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 28 /Mining/. “Рио Тинто” группийн охин компани болох “Оюутолгой” ХХК нь Монгол дахь зэсийн олборлолтын үйл ажиллагаан дахь авлига, ёс зүйгүй үйлдлийн талаар дотоодын мөрдөн шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас тусламж хүсжээ.
“Бид худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрсэн тухай мэдээлэлтэй холбогдуулан дотоод шалгалт явуулж байгаагаас гадна хууль сахиулах байгууллагуудаас хамтран ажиллахыг хүссэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул бид одоогоор нэмэлт тайлбар өгөх боломжгүй” гэж “Оюутолгой” компани нийгмийн сүлжээгээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
“Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” нь далд уурхайн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тус компанийн үлдсэн хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг. Энэхүү уурхай нь “Рио”-гийн хамгийн том, хамгийн үнэ цэнтэй өсөх хөрөнгийн нэг бөгөөд сүүлийн улиралд олборлолт нь 78 хувиар өссөн боловч энэ жил улс төрийн үймээн самуун, зардлын хэтрэлт, саатал зэрэг асуудлуудтай тулгараад байна.
Зэс нь “Рио”-гийн хувьд төмрийн хүдрээс хамааралтай байдлаа бууруулахын зэрэгцээ цахилгаанжуулалтад ашигладаг улбар улаан металлын олборлолтыг нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлэхэд нь гол хүчин зүйл болж байгаа бөгөөд эрчим хүчний шилжилт болон дата төвүүдийн өсөлтөөс шалтгаалан уг металлын эрэлт огцом өсөх төлөвтэй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!