Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлэхдээ,
-Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон Монгол Улсын 2026 оны төсөв батлагдсан. Эдгээр бодлогын баримт бичиг нь эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бодитоор нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжихэд чиглэсэн Засгийн газрын "Шинэ итгэл, Эрс шинэтгэл" бодлого юм.
Ирэх таван жилийн үндсэн чиглэлд "Төрийн оролцоог багасгаж, бизнесийн орчныг хөнгөвчилж, баялаг бүтээгчдийн бүтээмжийг өсгөх" чиглэлд тодорхой ажлуудыг тусгасан гэдгийг тэмдэглээд "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгааг онцоллоо.
3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас нийт 642 санал ирүүлээд байна.
"Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хуулиар бизнесийн үйл ажилллагаа явуулах эрхийг бүрэн хангана гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!