Холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Монголын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил Бразил улсын тамирчин дэлхийн аварга Фабрисио Де Андрадетай 65.8 кг жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, 4 дүгээр үед боолтоор ялалт байгуулж, Дэлхийн аварга боллоо.
Монгол Улсын тамирчин Б.Энх-Оргил өмнө нь холимог тулаанаар 16 тулаан хийж, 13 ялалт (3 КО), 3 ялагдалтай байсан бөгөөд тэрбээр гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хангажээ.
Энэхүү холбооны дэлхийн аварга болсон Монголын 2 дахь тамирчин болж байна. Харин 10 жилийн өмнө түүний багш Ж.Нарантунгалаг “One Championship” холбооны анхны монгол аваргаар тодорч байсан юм. Ийнхүү 10 жилийн дараа түүний шавь Б.Энх-Оргил багшийнхаа амжилтад хүрч, тус холбооны дэлхийн аваргын бүс эзэмшсэн хоёр дахь монгол тулаанч боллоо.
Тэрбээр тулааны дараа хэлэхдээ: “Үгээр хэлэхийн аргагүй байна. Маш их ядарлаа. Одоо харьж амармаар байна. Багшийнхаа ачийг хариулж аварга боллоо. Гайхалтай. Мөнх тэнгэртээ баярлалаа. Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа” гэв. Б.Энх-Оргил Дэлхийн аваргын 26 паундын жинтэй алтан бүснээс гадна 50 мянган ам.долларын эзэн боллоо.
Харин түүний өрсөлдөгч 2023 оны хоёрдугаар сараас дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Фабрисио Де Андраде нь энэ жил 28 настай, кикбокс, маутай суурьтай, кикбоксоор 24 тулаан хийж, 20 ялалт (7 КО), 4 ялагдалтай, холимог тулаанаар 12 тулаан хийж, 10 ялалт (6 КО), гурван ялагдалтай тамирчин юм байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!