БЕРЛИН, 2026 оны гуравдугаар сарын 17 /DW/. Маргааш Берлин-Бранденбург олон улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд ажил хаях тул лхагва гаргийн бүх тогтмол нислэг цуцлагдсан байна. Иймээс тасалбараа өөрчлүүлэх, нислэгийн өөр хувилбарыг сонгохын тулд агаарын тээврийн компаниудтай холбогдохыг зорчигчдод зөвлөжээ.
Тус нисэх буудлаас 18-ны өдөр 445 нислэг хөөрч буух хуваарьтай байсан бөгөөд ажил хаялтын улмаас 57 мянга орчим зорчигчдын хувьд нислэг хойшилж байна.
Өчигдөр Германы нисэх буудлын ажилтнуудын Ver.di гэдэг үйлдвэрчний эвлэлийн холбооноос Берлин-Бранденбургийн 2 мянга орчим ажилтанд хандан нэг өдрийн сануулах ажил хаялт явуулахыг уриалжээ. Ver.di-гийн зүгээс ажилчдын цалинг 6 хувиар буюу сард 250 еврогоос багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бол нисэх буудлын захиргаа үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь шатны хэлэлцээний явцад ажил олгогчдын зүгээс 2028 он эцэс хүртэлх хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар цалинг нэмэгдүүлэх санал тавьжээ. “Энэ нь жилд 1 орчим хувийн өсөлт болох бөгөөд үнийн өсөлтийг тооцвоос ажилтнуудын бодит орлого буурна гэсэн үг” хэмээн хэлэлцээнд оролцож буй Ver.di-гийн төлөөлөгч Хольгер Рёсслер мэдэгдсэн байна.
Берлин-Бранденбургийн оператор компанийн ерөнхий захирал Алетта фон Массенбах хэлэхдээ “Иранд дайн болж түгшүүртэй нөхцөл байдалд энэ ажил хаялт бол зохимжгүй үйлдэл мөн” гэлээ.
Дараагийн үе шатны хэлэлцээг энэ сарын 25-нд хийхээр товложээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!