ЛОС-АНЖЕЛЕС, 2026 зургаадугаар сарын 16 /Reuters/. Иран, АНУ-ын хооронд энхийн хэлэлцээр байгуулсныг зарласан өдөр буюу ням гарагт Ираны хөл бөмбөгийн шигшээ баг Лос-Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хэвлэлийн бага хурал хийжээ. Ийнхүү тэд энэ удаагийн ДАШТ-ий хүрээнд анх удаа АНУ-д хүрэлцэн ирж байгаа юм.
Мягмар гарагт "Лос-Анжелес" цэнгэлдэх хүрээлэнд Шинэ Зеландын шигшээ багтай эхний тоглолтоо хийх Ираны баг Мексикийн Тихуана хот дахь бэлтгэлийн баазаасаа халуун дотноор үдүүлж, богино хугацааны нислэг үйлдсэний эцэст ийнхүү хүрэлцэн иржээ.
Иранчууд "G" хэсэгт багтсан бөгөөд Шинэ Зеландтай хийх тоглолт нь АНУ, Ираны хоорондох дайны байдал, саяхан шинээр зарласан энхийн хэлэлцээрийн уур амьсгал дунд өрнөнө. Тус хоёр баг ДАШТ-д өмнө нь хэзээ ч таарч тоглож байгаагүй юм.
Ираны шигшээ баг цаашид хэсгийн гурван тоглолт бүрийнхээ өмнө Мексикээс АНУ руу зорчих шаардлагатай болж байгаа бөгөөд байнга нааш цааш зорчих болон хөл бөмбөгийн холбооны зарим гишүүнд нь АНУ-ын виз олгохоос татгалзсан явдал багийнханд сөргөөр нөлөөлсөн гэж дасгалжуулагч Галенои мэдэгджээ.
Дайныг эцэслэх тухай АНУ, Ираны хэлэлцээрт баасан гарагт Швейцарт албан ёсоор гарын үсэг зурна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф нар ням гарагт олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн юм.
Дасгалжуулагч Галенои шигшээ багийнхаа тоглогчид, дасгалжуулагчдыг "улс төртэй холбоотой хүмүүс биш" гэсэн байна.
1930 онд ДАШТ анх зохион байгуулагдсанаас хойш зохион байгуулагч орон дайтаж буй улсаа хүлээн авсан анхны тохиолдол болж энэ болж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!