Баруун-Урт 2026 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дарьгангын Ганга нуурыг сэргээн, хамгаалах төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Төслийн цогц ажлын хүрээнд элсний нүүдэл зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ, судалгаагаар Алтан овооноос Ганга нуур хүртэлх чиглэл дагуу хоёр километрийн өргөнтэй хөндийг даган элсний нүүдэл салхины чиглэл даган явж, асар олон тонн элс нуурын мандлыг бүрхэн ёроолд нь тунаж байгаа нь тогтоогдсон билээ.
Энэ элсийг зогсоож чадвал нууранд орох элсийг багасган, нуураа хамгаалаад зогсохгүй, нилээн хэдэн км үргэлжлэх хөндийг элсэн манхан үүсэхээс сэргийлэх байлаа.
Ийнхүү өмнөд хөршийн туршлагыг нэвтрүүлж шатрын хөлөг хэлбэртэй торон саадыг байрлуулснаар элсний нүүдэл зогсож буй нь мэдэгдсэн даруй олон наст ургамлын үр цацсан байсан нь ийм сайхан ургажээ. Үнэхээр сэтгэл их хөдөлж байна.
Бид нуураа хамгаалах цогц ажлыг хийж, элсний нүүдлийг хүртэл зогсоож болно гэдгийг бодитоор харуулж чадлаа. Мэдээж ажил цаашдаа үргэлжилнэ. Нуур ус хамгаалах ажил нь хүүхэд өсгөх адил байнгын тасралтгүй үйл ажиллагаа юм. Үүнийг бид усны нөөцийн нэгдсэн менежмент гэж нэрлээд байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Т.Одончимэг

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!