МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /РИА Новости/. Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтод Английн “Манчестер Сити” баг Португалын “Спортинг” багт олон гоолын зөрүүтэйгээр хожигдсон нь дуулиан тарилаа.
Өчигдөр Лиссабон хотод болсон тоглолт 4:1 гэсэн харьцаагаар талбайн эздийн илт давамгайллаар өндөрлөжээ. “Спортинг”-ийн Виктор Дьёкереш 38, 49 ба 81 дэх минутанд гоол оруулж, хет-трик хийсэн бол Максимилиано Араухо 46 дахь минутанд гоолдсон байна. “Сити”-гийн Фил Фоден 4 дэх минутанд гоол оруулсан бол Эрлинг Холанд 11 м-ийн торгуулийн цохилтыг алджээ.
Ташрамд дурдахад, энэ долоо хоногт УЕФА-гийн ивээл дор болж буй бүх тоглолт Валенсиа мужид болсон үерт өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоноор эхэлж байгаа юм.
26-нд болох тавдугаар тойргийн тоглолтод “Спортинг” баг талбайдаа Лондоны “Арсенал”-ыг хүлээж авах бол “Манчестер Сити” баг талбайдаа Нидерландын “Фейенорд”-той тоглоно.
Хамгийн сүүлийн үеийн мэдээг үзвэл, “Спортинг”-ийн ахлах дасгалжуулагч Рубен Аморим-ыг саяхан элсүүлэн авсан “Манчестер Юнайтед” баг нөхөн төлбөр болгож 11 сая еврог португалчуудад өгөхийг зөвшөөрсөн бөгөөд Аморим 11-ний өдрөөс ажилдаа орох ажээ. Түүний удирдлага дор “Спортинг”-ийн хөлбөмбөгчид Португалын АШТ-ний эхний 10 тоглолтын бүгдэд нь, мөн Аваргуудын лигийн тэмцээний 4 тоглолтын гуравт нь ялж, нэг удаа тэнцэж, нийт 10 оноотой болоод байна.
Харин “Манчестер Сити” хоёр ялж, нэг тэнцэж, нэг ялагджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!