Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг жинд өрсөлдсөн ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдоос анхны ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин болж түүхэнд нэрээ мөнхөлж байна.
Тэрбээр 2023 оны дэлхийн аваргын алтан медалийн төлөө дэлхийн залуучуудын хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга Энэтхэгийн Ниту Гангас /22 настай/-тай тулалдан ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Тэдний тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.
Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 54 кг-д Монголын шинэ залуу ОУХМ М.Энхжаргал мөнгөн медалийн төлөө 5 дахь тулаанаа Колумбын тамирчин Yeni Arias/Ариас/-тай хийж 4:1-ээр хожигдож, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болсон билээ.
Ийнхүү энэ жилийн ДАШТ-ээс манай эмэгтэй боксчид анх удаагаа хоёр медаль хүртсэн түүхэн амжилт үзүүллээ. ДАШТ-ий мөнгө, хүрэл медалийн эздээр тодорсон Л.Алтанцэцэг, М.Энхжаргал нартаа монгол түмэн талархаж байна.