БАЛИ, 2025 оны зургаадугаар сарын 19 /theguardian.com/. Индонезийн зүүн нутагт галт уул дэлбэрсний улмаас Бали аралд ирэх, буцах олон арван нислэгийг цуцалсан байна.
Мягмар гарагт орон нутгийн цагаар 17:35 цагийн үед Левотоби Лаки-лаки гэдэг галт уул дэлбэрч, үнс нурам нь уулын оргилоос 10 мянган метрийн өндөрт цацагджээ. Энэ уул Бали арлаас зүүн зүгт аялал жуулчлал өндөр хөгжсөн Флорес арал дээр оршдог байна.
Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Индонезийн эрх баригчид аюулын түгшүүрийг хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшинд хүргэсэн ба хүний амь эрсэдсэн, байшин барилгууд эвдрэн сүйрсэн талаар мэдээлэл ирээгүй байна.
Австралийн агаарын тээврийн Virgin Australia компани Брисбен, Мельбурн хотуудаас Балиг чиглэсэн нислэгүүдээ цуцалжээ. Мөн Jetstar компани Австралиас Балиг чиглэсэн өглөөний 4 нислэгээ цуцалсан бол Qantas компани нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа ажээ. Балигийн олон улсын нисэх онгоцны буудлын цахим хуудсанд бичсэнээр, Энэтхэгийн Air India, Сингапурын TigerAir, Хятадын Juneyao Airlines, Малайзын AirAsia агаарын тээврийн компаниуд мөн нислэгүүдээ зогсоосон байна.
Бали арал дахь олон улсын Нгурах-Рай нисэх онгоцны буудал ердийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаагийн зэрэгцээ галт уул дэлбэрснээс шалтгаалан зарим нислэгийг цуцалсан бөгөөд нислэгийн чиглэл, агаарын тээврийн компаниудаас шалтгаална гэдгийг нэрээ хэлэхийг хүсээгүй нисэх буудлын ажилтан ярьжээ.
Левотоби Лаки-Лаки галт уул өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлбэрч байсан бөгөөд үүний улмаас хүмүүс амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, Балиг чиглэсэн олон улсын олон арван нислэгийг цуцалж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!