Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Азийн цэвдгийн гуравдугаар хурлыг Улаанбаатар хотод зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 2-нд зохион байгуулна.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын холбоо хамтран зохион байгуулах энэ удаагийн хурал “Азийн цэвдгийн гэсэлтээс үүдэн дэлхийн нийтэд тулгарч буй сорилт” уриан дор, 18 дэд хуралдаанд хуваагдаж болох юм. Хуралд АНУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, Япон, Канад, Норвеги, Герман зэрэг 25 орны 360 гаруй эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлээд байгааг ШУА мэдээллээ.
Эдгээр эрдэмтэн судлаачаас ирүүлсэн 20 хүртэлх шилдэг өгүүллийг “Permafrost and Periglacial Processes” сэтгүүлд хэвлүүлэхээр төлөвлөжээ. Тус сэтгүүл нь цэвдэг, хүйтний гаралтай үзэгдэл, үйл явцын чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэдэг, энэ талбартаа дэлхийд тэргүүлэгч аж.
Хуралтай холбогдуулан олон улсын эрдэмтэн судлаачаас бүрдсэн хээрийн судалгааг Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт дөрвөн чиглэлийн дагуу хийх юм.
Азийн цэвдгийн анхны хурлыг БНХАУ-ын Ланьжоу хотод 2006 онд 150 гаруй оролцогчтой, хоёрдугаар хурлыг Японы Саппоро хотод 2017 онд 170 оролцогчтой зохион байгуулж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!