ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/. Америкийн боксчин Флойд Мейвезер, Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо нар ирэх есдүгээр сард мэргэжлийн боксын дэвжээнд ахин тулалдахаар боллоо.
Лас-Вегас хотын "Sphere" цогцолборт болох энэхүү түүхэн тулааныг "Netflix" платформоор дамжуулна гэдгийг өчигдөр буюу даваа гарагт хоёр талын төлөөлөгчид болон зохион байгуулагчид албан ёсоор зарлав.
Энэхүү тулаан нь зодог тайлсан Ф.Мейвезер мэргэжлийн боксын дэвжээнээ эргэн ирж буй томоохон үйл явдал бөгөөд "Sphere" цогцолборт болох анхны мэргэжлийн боксын тэмцээн гэдгээрээ онцлог юм.
Мэргэжлийн боксын дэвжээнд 50-0 (27 нь хүнд цохилтоор) гэсэн ялагдашгүй амжилттай яваа Ф.Мейвезер 2015 онд болсон "Зууны тулаан"-д М.Пакьяог ялж байсан юм. Тухайн үед "MGM Grand Garden" ордонд болсон уг тулааныг 4.6 сая хүн үзэж, тасалбарын борлуулалтаас олсон орлого 72 сая ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байв.
"Би өмнө нь Мэнниг ялж байсан, энэ удаад ч ялах болно" гэж Ф.Мейвезер хэлжээ.
Харин 62 удаа ялж (39-д нь хүнд цохилтоор), 8 удаа ялагдаж, 3 удаа тэнцэж байсан Филиппиний супер од М.Пакьяо өрсөлдөгчөө "мэргэжлийн замналынх нь анхны ялагдлыг амсуулна" гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Даагаа нэхэх тулааныг "Netflix" дэлхийн 325 сая гаруй хэрэглэгчдээ шууд дамжуулан хүргэнэ. Саяхан тус компани Жейк Пол, Майк Тайсон нарын тулааныг дамжуулсан бөгөөд уг үйл явдлыг дэлхий даяар 108 сая хүн шууд үзжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!