ХОТОРН, 2026 оны аравдугаар сарын 2 /Reuters/. “SpaceX” компанийн пуужин Америкийн хоёр, Канадын нэг, Оросын нэг сансрын нисгэгчээс бүрдсэн "Crew 13" багийг Олон улсын сансрын станцад (ОУСС) хүргэхээр пүрэв гарагт Флорида муж улсаас хөөрчээ. Тус багийнхан тойрог замд хүний эрүүл мэнд, ажиллах чадвартай холбоотой судалгаа хийх шинжлэх ухааны даалгаврыг гүйцэтгэнэ.
Дөрвөн хүнээс бүрдсэн баг бүхий “Crew Dragon” хөлгийг Флорида муж улс дахь АНУ-ын Сансрын хүчний баазаас хоёр угсраа “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ.
“Falcon 9” пуужингийн дахин ашиглах боломжтой эхний угсраа хөөргөснөөс хойш гурван минутын дараа салж, буцаж газарджээ. Харин хоёр дахь угсраа АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн сансрын нисгэгч Жессика Уоткинс, Люк Делэни, Канадын сансрын нисгэгч Жошуа Кутрык, Оросын сансрын нисгэгч Сергей Тетериаников нарыг тээвэрлэж буй “Crew Dragon” хөлгийг тойрог замд гаргасан байна.
“Dragon хөлөг салсан нь баталгаажлаа. Жессика, Люк, Жош, Сергей нар аа, тойрог замд тавтай морил” гэж Калифорни муж улсын Хоторн хот дахь SpaceX-ийн удирдлагын төвөөс багийнханд хэлжээ.
"Crew Dragon" хөлөг өөрийн хөдөлгүүрээр найман цагийн турш тойрог замд ниссэний дараа Дэлхийгээс 400 орчим км-ийн өндөрт орших ОУСС-тай АНУ-ын Зүүн эргийн цагаар 19:00 цагийн орчимд залгагдах төлөвтэй байна.
"Crew 13" багийг геологич мэргэжилтэй, сансрын нисгэгч 38 настай Жессика Уоткинс ахалж байна. Тэрбээр сансарт хоёр дахь удаагаа нисэж байгаа бөгөөд "Crew Dragon" хөлгөөр хоёр удаа ниссэн НАСА-гийн анхны сансрын нисэгч болж байна. Түүний хажууд нисгэгчийн суудалд 47 настай Люк Делани сууж байгаа бөгөөд тэрбээр туршилтын нисгэгч, сөнөөгч онгоцны нисгэгч байсан бөгөөд сансарт анх удаа нисэж байна. "Crew 13" багийн бусад хоёр гишүүн болох 44 настай Жошуа Катрик, 37 настай Сергей Тетерятников нар мөн сансарт анх удаа нисэж байгаа бөгөөд багийн мэргэжилтнээр ажиллана. Катрик нь туршилтын болон сөнөөгч онгоцны нисгэгч байсан бол Тетерятников нь шумбагч онгоц ашиглах чиглэлээр мэргэшсэн инженер ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Аентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!