Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Цахим спортын PUBG Mobile тоглоомын Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах “Global Open 2026 Season 2-EECA” тэмцээн Узбекистаны Ташкент хотод болж, The MongolZ баг түрүүллээ.
Есөн өдрийн турш үргэлжилсэн 80 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Европын 12 баг, Төв Азийн найман баг өрсөлдсөнөөс манай улсаас Aurora Gaming, The MongolZ, Team MIO оролцсон байна. Сүүлийн шатны 17 тоглолтын нийлбэр дүнгээр манай улсын The MongolZ баг 151 оноотой түрүүлж, 15 мянган ам.долларын шагнал авлаа. Мөн тэмцээний шилдэг тоглогчоор JIROv2 буюу Д.Уртнасан тодорч, 500 ам.доллар гарджээ. Манай залуус сүүлийн мөчид Smash Rule форматаар WWCD (Winner Winner Chicken Dinner) авч, аваргын цом өргөсөн юм.
Ингэснээр тэд Пакистанд 10 дугаар сард зохион байгуулах “PUBG Mobile Global Open 2026 Season 2” тэмцээнд оролцох эрх авч байна. Энэ нь хагас сая ам.долларын шагналын сантай S-Tier зэрэглэлийн тэмцээн бөгөөд урьдчилсан шатанд оролцохгүйгээр шууд үндсэн тэмцээнд өрсөлдөх эрх авлаа. Түүнчлэн энэхүү тэмцээнд түрүүлж, чансааны 120 оноо авснаар 12 дугаар сард зохион байгуулах PUBG Mobile-ийн хамгийн нэр хүндтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ албан ёсоор хангасан байна.
Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын Aurora Gaming баг 116 оноотой долоодугаар байрт шалгарч 3000, Team MIO 82 оноотой 13 дугаар байр эзэлж 2000 ам.долларын шагнал хүртсэн байна.
Ташрамд дурдахад, Казахстанд өнгөрсөн жил болсон “Global Open 2026 Season 1-EECA Finals” тэмцээнд манай улсын “Aurora Gaming” баг 145 оноотой аваргын цом өргөж байсан юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!