Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэллээ.
Анхны аяллын онгоц энэ өдрийн өглөө 07:20 цагт Шинэ Дели хотын Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын T3 терминалд газардсан бөгөөд буцах нислэг нь тус өдрийнхөө 16:37 цагт Шинэ Делигээс Улаанбаатар руу хөөрлөө. Энэхүү шууд нислэгийг долоо хоног бүрийн даваа гарагт үйлдэх бөгөөд аяллын хугацаа 5 цаг үргэлжлэх юм.
Өмнө нь зорчигчид Хонконг, Бээжин, Сөүл хотоор дамжин 13-18 цаг аялдаг байсан бол ийнхүү шууд нислэгтэй болсноор замд өнгөрүүлэх хугацаа эрс багасжээ.
Энэхүү нислэгийг Монгол Улсын “Хүннү Эйр” компани гүйцэтгэж байна. Тогтмол нислэг эхэлснээр Монголоос Энэтхэг рүү чиглэсэн Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах иргэдийн тоо нэмэгдэж, эрүүл мэнд, эмчилгээний аялал хөгжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн Энэтхэгийн иргэд Монголын өвлийн аяллын жуулчлалыг зорин ирэхээс гадна жилийн аль ч улиралд Монгол орны байгалийн үзэсгэлэн, түүх соёлын өвтэй танилцах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэхүү шууд нислэг нь Энэтхэг, Монголын хоорондын олон талт стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлнэ. Ачаа тээвэрлэлт илүү хурдан, шуурхай бөгөөд өртөг багатай болохын хэрээр хоёр улсын худалдаа, арилжааг нэмэгдэхэд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй гэдгийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.
Уг шууд нислэгийн тухай 2025 оны 10 дугаар сард Монгол Улсын У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, Хайдарабад дахь ордонд зохион байгуулсан БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү түүхэн шийдвэрийг зарласан юм. Шууд нислэгийн санаачилгыг бодит ажил болгоход БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон “Хүннү Эйр” компанийн Гүйцэтгэх Захирал П.Мөнхжаргал нар холбогдох оролцогч талуудтай хамтран ажиллажээ.
Ташрамд дурдахад, Энэтхэг, Монгол улсууд иргэддээ визийг харилцан үнэ төлбөргүй олгодог болсон бөгөөд хоёр улсын иргэд мөн цахим виз авах боломжтой аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!