
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 15 дахь өдрийн /2026.09.27/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-14/ энэ өдөр Шодай /М-11/-тай оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 5 даваа, 10 унаатай энэ башёг өндөрлүүллээ.
Тошинофүжи Ө.Дэмиджамц энэ өдөр Хирадоүми /М-8/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адил 9 даваа, 6 унаатай Аки башёг дуусгаж байна.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Такеруфүжи /М-8/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 7 унаатай энэ башёг дуусгаад байна.
Ёшинофүжи/М-2/ өнөөдөр Асанояама /М-4/-тай оноолт таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давснаар 9 даваа, 6 унаатай болов. Харин Асанояама 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүлэв.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ Котоейхо /М-1/-той учраа тааран хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 9 унаатай башёг дуусгалаа.
Комүсүби Хакүнофүжи энэ өдөр Рога А.Амарсанаа /М-5/-тай оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 10 унаатай болж, Рога 6 даваа, 9 унаатай Аки башёг дуусгаж байна.
Сэкиваке Фүжинокава Аки башёгийн 15 дахь өдөр Сэкиваке Атамифүжи -тэй барилдаж түүнийг сүкүинаге мэхээр давснаар 11 даваа, 4 унаатай Аки башёг тун амжилттай өндөрлүүлээд байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Озэки Котозакүра-тай хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр давснаар 8 даваа, 7 унаатай башёг дуусгав. Харин Котозакүра 9 даваа, 6 унаатай башёг дуусгаж байна.
Их аварга Оносато өнөөдөр Озэки Аонишики-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 12 даваа 3 унаатай Аки башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Харин Озэки Аонишики 11 даваа 4 унаатай энэ башёг амжилттай дуусгаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!