Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Дэлхийн байдал тодорхойгүй байна. АНУ дизелийн бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглосон. БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Иймд олон эх үүсвэрээс авахдаа анхаарч хүссэн хэмжээгээр биш байсан ч хамаагүй олж ирж байна. Засгийн газар шатахуун зардаггүй. Аж ахуйн нэгжүүдэд олж ирэхэд нь бүх талаар нь тусалж байгаа. АИ-92 шатахууны хувьд үнэ нь өссөн, олдоц нь ховор дэлхий даяар маш хүнд байна. Иймд аль болох олон эх үүсвэрээс авах хэрэгтэй. Гэхдээ дэлхийн хаанаас ч авсан ОХУ, БНХАУ-аар л дамжиж орж ирнэ. Энэ ложистикийн асуудлаа ААН-үүдтэйгээ хамтраад шийдээд явж байна. Шөнийн цагаар шатахуун өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд торгууль тавьж байгаа. ОХУ нефть боловсруулах үйлдвэрүүддээ татаас өгч байж үнийг нь буулгадаг учир үнэ нь бага байдаг. Манай улс бол татаас өгдөггүй. Тухайн бүтээгдэхүүний сүүлийн 14-25 хоногийн өмнөх сарын дэлхийн зах зээлийн үнийн дунджаар тооцдог” гэв.
Манай улс нэг сардаа 75 мянган тн АИ-92 хэрэглэдэг байна. Гэвч наймдугаар сард 54 мянган тн орчмыг, есдүгээр сард 62 мянган тн-ыг оруулж иржээ. Тэгвэл ОХУ-ын үйлдвэрлэсэн АИ-92 шатахууныг зөвхөн Монгол, Киргиз авдаг байсан бол ОХУ энэ бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглэдэг болсноос үүдэж манай улсад өгөх хэмжээ багасчээ. ОХУ-аас аравдугаар сар 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийсэн учраас хүлээлттэй байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!