Монголын шигшээ багийн дасгалжуулагч Сакаэ Казүхито Шёова үеийн хатуу, чанга бэлтгэлээр Монголын шигшээ багийн ур чадварыг сайжруулах гэнэ. Одоо тэр Нагояд Азийн наадамд оролцож байгаа ч Азийн наадам бол эцсийн зорилго биш, замын дундах цэг юм гэлээ.
![]()

Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг урьд өмнөх шигээ хүч чадалтай болохын тулд хичээн зүтгэж байна. Сакаэ дасгалжуулагч наймдугаар сарын 17-нд Монголд очиж, есдүгээр сарын 24 хүртэл 40 хоногийн турш багаа удирдлаа. Алдарт багшийн удирдлага дор бэлтгэл хийхийг хүссэн тамирчдын тоо асар их байсан ч ганц хүн заахад хүндрэлтэй тул тамирчдын тоог багасгасан гэнэ. Гэхдээ бага гээд өдөр бүр эрэгтэй, эмэгтэй 180 тамирчин оролцож байжээ.
![]()

Японоос ч гэсэн өмнөх Азийн наадмын аварга, өнгөрсөн жилийн ДАШТ-ий 50 кг-д зодоглосон Рэмина Ёшимото ирж оролцсон байна. Хёго мужийн Ашия Гакуэн ахлах сургуулийн дасгалжуулагч Рёко Сакамото оюутнуудаа дагуулан ирж, хамтарсан бэлтгэлд хамрагджээ.
![]()

2010 оны үед эмэгтэй дэлхийн аваргатай, эрчүүд нь ч дэлхийд дээгүүр үзэлцдэг байсан Монголын баг одоо чансаа тун буурсан. Чөлөөт бөхийн холбооны дотоод асуудал ихтэй, тамирчид бэлтгэл сургуулиа сайн базаах орчингүй байв. Өнгөрсөн жилийн зун Сакаэ дасгалжуулагч Монголд ирээд анх мэдэрсэн зүйл, хүрсэн дүгнэлт нь “Бэлтгэл дутуугийн улмаас хүч чадалгүй болсон” байлаа.
![]()

Барилдааны нэгдүгээр үед маш олон оноогоор тэргүүлж явж байгаад хоёрдугаар үед баригдан, ялагдах тохиолдол их, ур чадвар, авьяастай ч ашиглаж чадахгүй тамирчин олон байлаа. Японы сүмод монгол бөхчүүд дийлж байгаатай нэгэн адил тулааны урлагт тохирсон бие бялдар, сэтгэл зүйтэй тамирчин олон ч 6 минут тасралтгүй барилдах тэсвэр байхгүй нь том асуудал байжээ.
![]()

Сакаэ багш хамгийн сүүлийн үеийн тактик, мэх заахаас гадна 2 цагийн бэлтгэлийн дараа арван төрлийн хүчний дасгал хийлгэдэг. Сүүлд нь заавал 100 удаа суниалгадаг байна. Маш хүнд бэлтгэл. Өмнө нь Японы их сургуульд Саори Ёшида тэргүүтэй 14 олимпын аварга, олимпын медальтан 17-г гаргасан дасгалжуулагч. Тэднийг төрүүлэн гаргасан өөрийн арга барилаар монгол шавь нарт хичээл зааж байна.
Сакаэ багш тэр арга барилаа “Шёова үеийн бэлтгэл” гэж нэрлэж байлаа. Ямар ч спортын төрөлд эхний үедээ маш нарийн бэлтгэл хэрэгтэй байдаг. Үүнийг өнгөрсөн үеийн үлдэгдэл гэж хэлж болохгүй. Энэ түвшинг давсан тамирчинд илүү ур чадвар шалгасан дасгал хийлгэх бөгөөд тамирчин бүрт тохируулан бэлтгэлээ өөрчилдөг байна. Тэсвэр, тэвчээр муутай нь монгол тамирчдын нийтлэг дутагдал. Шинэ арга барилаар ажиллаж эхэлсэн нь тэдэнд их тус болсон. Монголд хоёр удаа цугларалтад оролцсон Сакамото багш “Сакаэ дасгалжуулагчаас эхлээд тамирчид, холбооны хүмүүс бүгд нэгэн зоригоор нэгэн хамт олон болон хичээллэж байгаа тул бэлтгэл, цугларалт маш үр дүнтэй болж байгаа. Өмнөх цугларалтын үеээс тамирчдын бэлтгэлд хандах хандлага огт өөр, чанартай болжээ. Бэлтгэл дуустал анхаарлаа сулруулалгүй хичээх тамирчдын тоо нэмэгдлээ. Сакаэ багш юуны өмнө монголчуудын бодол санааг нь өөрчилж чаджээ” гэж дүгнэж байлаа.
![]()

Азийн наадмын аварга Рэмина Ёшимото “Анх удаагаа гадаадын цугларалтад оролцож байна. Монгол өндөрлөг газар болохоор миний амьсгаа дээгүүр байна. Сакаэ багшийн удирдлага дор ойрын үед бэлтгэл хийгээгүй байсан болохоор одоо өдөр бүр хамт байгаадаа их баяртай байна. Бэлтгэл дээр ч нүүр амаа хөхөртөл мөргөлдөн, үнэнээсээ барилдаж байна. Яг тэмцээнд орж байгаа юм шиг л дайрах юм. Монголчууд маш бяртай. Энд ирсэндээ би их баяртай байна” гэж байлаа. Азийн аварга алдартай бөх ингэж хичээж байхад нутгийн тамирчид ч үлгэр дууриал авах нь ойлгомжтой.
Энэ удаагийн Азийн наадамд өмнөх наадмын 65 кг жинд түрүүлсэн Т.Тулга, энэ хавар Азийн АШТ-ий 76 кг-д түрүүлсэн Э.Даваанасан хоёрт Сакаэ багш түрүүлнэ гэсэн найдвар тавьж байна. Гэхдээ заавал түрүүлээд байх шаардлагагүй, олон медаль авахад л болно гэж хэлж байна. Хойд Солонгос, Хятад, Энэтхэг гэсэн хүчирхэг гүрнүүд байхад дасгалжуулагч болоод нэг жил ч болоогүй байгаа Сакаэ багш илүү зүйл хүсэхгүй гэж байлаа. Гол зорилго нь 2028 оны олимпын наадам. “Хоёр жилийн дараа миний ажлын үр дүнг хараарай” гэж Сакаэ багш хэлж байв.
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ UB.Life

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!