БЭЭЖИН, 2026 оны есдүгээр сарын 30 /Kazinform/. Энэ оны эхний хагас жилд дэлхий даяар хүн дүрст роботын нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 432.1 хувиар өсөж, 25 мянга орчимд хүрсэн бол зах зээлийнх нь хэмжээ 740 сая ам.доллароос давсан тухай АНУ-ын судалгааны IDC компанийн шинэ тайланд дурдсан байна.
IDC-ийн мэдээлснээр, хүн дүрст роботын хэрэглээний хүрээ улам өргөжиж байгаа бөгөөд салбарын өрсөлдөөн техник, тоног төхөөрөмжийн үзүүлэлтээс илүүтэй биет орчинд ажиллах хиймэл оюуны чадварт төвлөрөх болжээ.
Энэ оны эхний зургаан сарын хугацаанд салбарын өсөлтийн гол хөдөлгөгч нь Хятад улс байжээ. Тус улсад хүн дүрст роботын борлуулалт 426.3 хувиар өсөж, 19 мянгаас давсан байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүд дэлхийн нийт нийлүүлэлтийн 95 гаруй хувийг бүрдүүлжээ.
Хятадын хүн дүрст роботын салбар эрчимтэй өсөж буйг төр, аж үйлдвэрийн паркууд болон төрийн өмчит компаниудын дэмжлэг, мөн дотооддоо бүрдсэн үйлдвэрлэлийн сүлжээтэй холбон тайлбарлаж байна.
IDC-ийн урьдчилсан тооцоогоор, 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд хүн дүрст роботын нийлүүлэлт 750 мянгаас давж, тус компанийн өмнөх таамаглалаас 50 хувиар өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!