Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Азербайжаны Баку хотод энэ сарын 4-нд эхлэх жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг хилийн чанадыг зорилоо.
Найм хоног үргэлжлэх тус тэмцээнд 96 орны 634 тамирчин оролцох юм. Харин манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин өрсөлдөнө.
Монголын багийн анхны мэдүүлэгт бага зэрэг өөрчлөлт орсон бөгөөд 66 кг-д Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Анхзаяа нар бэртлийн улмаас өнжихөөр болов. ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзул нар барилдах юм. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар зодоглохоор болжээ. ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс тав нь өдгөө Азийн наадамд барилдаж байна. Тэд тэмцээнээ дуусгаад Нагояагаас Бакуг зорино.
Энэ жилийн ДАШТ-ий эрэгтэй долоон жингээс -100 кг-д 56, эмэгтэйчүүдийн долоон жингээс 63 кг-д 48 бөх бүртгүүлсэн нь хамгийн олонд тооцогдож байна. Сугалааны үйл ажиллагаа энэ сарын 3-нд болох бол тэмцээн 4-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын барилдаанаар эхэлнэ.
Энэ удаагийн ДАШТ-ий багийн барилдаанд 20 орны 400 орчим тамирчин зодоглоно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!