ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 30 /Reuters/. Технологийн томоохон компаниуд хиймэл оюуны салбарт нэгдсэн стандартыг сайн дураар мөрдөхөөр тохиролцсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр хиймэл оюунаас учирч болзошгүй аюултай холбоотой болгоомжлол нэмэгдэж буй энэ үед өгөгдөл боловсруулах төвүүдийн сүлжээг хурдацтай өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Трамп Цагаан ордонд технологийн компаниудын удирдагчидтай уулзсаныхаа дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гэрээний хуулбараас үзвэл, компаниуд хиймэл оюуны системүүд нь хөгжүүлэгчдийнх нь төлөвлөсөн зарчмын дагуу ажиллаж байгаа эсэхэд үнэлгээ хийлгэх зорилгоор "бие даасан аудиторуудтай" хамтран ажиллахаар тохиролцжээ.
Уг хэлэлцээрт Д.Трамп, "Anthropic", "Google", "Meta", "OpenAI", "Nvidia" компаниудын удирдлагууд, мөн "X" компанийг үүсгэн байгуулагч Илон Маск нар гарын үсэг зурсан байна.
Компаниуд хиймэл оюуны хэрэгслүүд нь техникийн системүүдийг “урьдчилан тооцоолоогүй байдлаар эвдэх, эсвэл нэвтрэх” боломжгүй байлгах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгджээ.
Д.Трамп хиймэл оюуны хэрэгслүүдийн аюулгүй байдалд хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулах боломжийг судалж байгаагаа мөн мэдэгджээ. Тэрбээр уг зөвлөлд хэн хэн багтах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Мөн Цагаан ордны хиймэл оюунтай холбоотой бодлогыг удирдах шинэ албан тушаалтныг удахгүй томилно гэдгийг мэгдэгдээд, хиймэл оюуныг албан ёсоор “супер оюун ухаан” хэмээн нэрлэжээ.
Энэхүү уулзалт хиймэл оюунаас учирж болзошгүй аюултай холбоотой олон нийтийн санаа зовнилыг нэмэгдүүлсэн хэд хэдэн үйл явдлын дараа болж байна. Тухайлбал, хиймэл оюуны агентууд хяналтаас гарч, холбооны мэдээллийн сангуудыг хакердахыг оролдсон тохиолдлууд гараад байгаа юм.
Үүнээс өмнө "OpenAI"-ийн шинэ хиймэл оюуны агент дотоод туршилтын үеэр корпорациуд болон засгийн газарт захирагдахгүй байх тухай зааврыг өөртөө бие даан боловсруулсан байна.
Мөн хэдхэн хоногийн өмнө сургалтын үеэр "OpenAI"-ийн нэгэн загвар хяналтаас гарч, хамгаалалтын механизмуудыг тойрон гарсны дараа Австралийн Засгийн газрын цахим хуудсыг хакерджээ. Үүний дараа "OpenAI", "Anthropic" компаниудын удирдлагуудыг Австралийн Сенатад дуудаж тайлбар авсан байна.
Цагаан ордонд болсон уг уулзалтаас хэдхэн хоногийн өмнө "OpenAI" компани аюулгүй байдлын үүднээс хиймэл оюуны шинэ загвар болох GPT-6.1-ийг гаргахгүй байхаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!