Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. МУБИС, МУИС, ШУТИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ази судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн Дорно дахины тэнхимээс зохион байгууллаа.
Энэхүү хуралд Монгол, Хятад, Солонгос, Япон, Узбекистан, ОХУ, Турк, Шри Ланк зэрэг найман орны 25 байгууллага, их сургууль, 83 салбар, нэгж, тэнхимийн 90 орчим эрдэмтэн судлаач оролцож Ази судлалын салбарын судалгааны үр дүн, тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Хурал нь Ази судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй дотоод, гадаадын судлаачдын сүүлийн үеийн бүтээлтэй танилцах, цаашдын чиглэлийг тодорхойлох, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Хурлын талаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн их сургуулийн Дорно дахины тэнхимийн эрхлэгч, доктор Ё.Нямхишиг:
“Жилээс жилд хуралд оролцогчдын тоо нэмэгдэж, хүрээгээ тэлж байна. Энэ нь Ази судлалын салбар эрчимтэй хөгжиж буйн илрэл юм. Хэл шинжлэл, түүх, угсаатны зүй, боловсрол судлал гэсэн гурван чиглэлээр салбар хуралдааны хүрээнд 80 орчим илтгэлийг хэлэлцүүлж байна” хэмээн ярилаа.
Харин МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор Д.Идэр: “Ази судлал бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны чухал салбар юм. Энэ жилийн илтгэлийн төлөвийг харахад Азийн соёл, угсаатны зүйн онцлогийг илэрхийлсэн эрдэм шинжилгээний илтгэл цөөнгүй байна.
Ялангуяа Монголын Юань гүрний үеийн хэл бичиг, соёлын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, хөгжүүлэхээр зорьж байсан тухай сонирхолтой илтгэл тавилаа. Хуралд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага оролцож байна. Энэ бол Ази судлал өндөр хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байна” гэв.
“Ази судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 80 орчим илтгэл хэлэлцүүллээ. Үүнээс ардын багш Ц.Өнөрбаяны “Алтай хэл шинжлэлийн онолын асуудалд”, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндоржийн “Монгол-Солонгосын харилцааны түүхийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв”, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш Б.Аззаяагийн “Бичээс судлалын хүрээнд 2025 онд хийсэн хээрийн судалгааны ажлын зарим үр дүн” сэдэвт илтгэл оролцогчдын анхаарлыг татлаа.





Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!