НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 18 /Kazinform/. АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулсантай холбоотойгоор дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсаар байна.
Газрын тосны үнэ ийнхүү буурснаар дэлхийн инфляцын эрсдэлийг басгах магадлалтай хэдий ч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байна гэж шинжээчид үзэж байна.
"Brent" маркийн газрын тосны наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1.13 хувиар буурч, нэг баррель нь 78.65 ам.доллар болсон бол АНУ-ын "WTI" маркийн газрын тосны долоодугаар сарын гэрээний үнэ 1.26 хувиар буурч, нэг баррель нь 75.82 ам.долларт хүрчээ.
Мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэснээр нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, ирэх жил газрын тосны илүүдэл бий болно гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) таамаглаж байна. Тус байгууллагын мэдээлснээр 2026 онд дэлхийн нийлүүлэлт өдөрт дунджаар 3.9 сая баррелиар буурч, 102.4 сая баррельд хүрэх бөгөөд 2027 онд дахин сэргэж өдөрт 110.3 сая баррель болно.
Газрын тосны үнийн бууралт нь дэлхийн инфляцын эрсдэлийг багасгаж болох ч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгааг "New York Life Investment Management" компанийн тайланд онцолжээ. Тус компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, нефтийн үнэ мөргөлдөөний өмнөх түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд далайн тээврийг хэвийн болгоход хугацаа шаардлагатай, мөн стратегийн нөөцүүдийг дахин нөхөх шаардлагатай байна.
Өмнө нь АНУ, Ираны талууд энхийн хэлэлцээрт хүрсэн талаар мэдээлсэн юм. Уг хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол зургаадугаар сарын 19-нд Швейцарт болох төлөвтэй байна.
Мөн энэ хэлэлцээр нь Ормузын хоолойг нээж, дэлхийн зах зээлд түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглаж байна.
АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээрийг сайшаасан улс төрийн мэдэгдлүүдийн дараа газрын тосны үнэ огцом буурсан хэдий ч зах зээл дээр тодорхойгүй байдал үргэлжилсээр байгааг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!