ПАРИС, 2026 оны зургаадугаар сарын 18 /BBC/. Хиймэл оюун нь хүмүүсийг ажилгүй болгохгүй харин ч ажиллах хүчний хэрэгцээг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаагаа “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос Парис хотноо болсон технологийн бага хурлын үеэр хэлжээ.
Ж.Безос хиймэл оюун олон тооны ажилтныг орлоно гэх өсөн нэмэгдэж буй болгоомжлолыг няцаалаа. Тэрбээр уг технологи нь шинэ боломжуудыг нээж, хүний хөдөлмөрийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. "Олон хүн, тэр дундаа ухаалаг хүмүүс хүртэл хиймэл оюун ухаан хүнийг ажилгүй болгоно гэж ихээхэн санаа зовж байгааг би мэдэж байна. Би энэ үзэл бодолтой огт санал нийлэхгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Европын хамгийн том технологийн үзэсгэлэн болох "VivaTech Paris"-т оролцох үеэрээ Ж.Безос мөн сансар огторгуйг судлах урт хугацааны төлөвлөгөөгөө танилцуулжээ.
"Бид Сар луу зүгээр нэг очоод буцах гэж биш, цаашид тэнд суурьшихаар нисэх гэж байна" гэж үзэгчдэд хандан хэлээд, электролиз зэрэг технологийн тусламжтайгаар ирээдүйд Сарны нөөцийг ашиглан пуужинг дахин цэнэглэх, дэлхийгээс гадна хүн төрөлхтөн байнга оршин суух нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэдгийг нэмж дурджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!