Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Степ Арена”-д маргааш эхлэх Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон сугалааны үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд өнөөдөр болов.
Хуралд ОУЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Армен Багдасаров, Боловсрол, дасгалжуулалт хариуцсан захирал Мохамед Мериджа, Боловсрол хариуцсан захирал Флорин Даниэл Ласкау, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Э.Билэгт, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар тэргүүтэй зочид оролцож, IJF-ны тайлбарлагч Шелдон Франко-Рукс хөтлөн явууллаа.
“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны эхний тэмцээнд 58 орны 454 тамирчин зодоглоно. Улаанбаатарын “Их дуулга”-д 2022 онд 30, 2023 онд 44, 2025 онд 28 орноос тамирчид оролцож байв. Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд “Их дуулга” ангиллын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тиймээс Олон улсын жүдо бөхийн холбооноос Лос-Анжелесын олимпын циклд “Их дуулга” тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах эрх олгосон юм.
Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний хэсгийн барилдаан 09:30 цагт эхлэх бол финал 17:00 цагт болно. Харин нээлтийн ажиллагааг энэ сарын 20-ны 16:30 цагт “Степ Арена”-д зохион байгуулах юм. Тэмцээний бүх барилдааныг С1 телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.
Ташрамд дурдахад, манай жүдочид өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн. Харин 2023 онд хоёр алт, дөрвөн хүрэл, 2022 онд хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ.





Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!