АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын захирагч Жеффри Ж.Мимс коллежийн нэгдүгээр курсын оюутан, сагсан бөмбөгийн Dayton Flyers багийн хамгаалагч Майк Шаравжамц (Mike Sharavjamts) буюу Ш.Энхийн-Одод хүндэтгэл үзүүлж өчигдөр буюу баасан гарагийг /20233.02.10/ хот даяараа "Монголын өдөр" болгож тэмдэглэжээ.
Коллежийн сагсан бөмбөгийн багт анх удаа орж тоглож байгаа монгол тоглогчийн хувьд хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд энэ улирлын бүх 25 тоглолтод оролцон тогложээ.
"Тэрбээр зөвхөн Охайо мужид төдийгүй Америк даяар Монголыг сурталчилж, төлөөлөгч нь болж чадаж байна. Тэр маш амжилттай тоглож байгаа. Олон залуус түүнээс үлгэр дуурайлал авах болсон. Бүгд түүнийг дэмжиж байгаа" хэмээн Сан Франциско хотод суух Консул П.Баярмагнай онцлон хэлжээ.
"Монголын өдөр"-өөр монгол соёл уламжлалыг таниулах хөтөлбөрүүд болж, олон зочид төлөөлөгчид ирсэн байна. CareSource хэмээх компаниас тус өдрийг ивээн тэтгэсэн бөгөөд Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр хүрэлцэн ирж оролцжээ.