Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ий тав дахь өдөр /2025.03,29/ Монголын таван бөх барилдаж, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болсноос 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр 65 кг-ын финалд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны Бүх Японы аварга Кайсей Танабед 12:2-оор дийлдэн мөнгөн медаль хүртэхээр болсон юм. Ц.Цогбадрах Азийн АШТ-д дөрөв дэх удаагаа оролцож, ийнхүү анхны медалиа хүртэж байна.
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Азийн АШТ-ээс анхны медалиа хүртсэн бөгөөд тэрбээр 57 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы залуу бөх Рин Сакамотог 5:1-ээр буулгаж авсан байна.
Тэмцээний 79 кг-д зодоглосон ОУХМ О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг ялсан юм. Барилдааны үндсэн цагт 4:4-өөр тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр илүүрхэж чадлаа. Ингэснээр О.Сүлдхүү тивийн аваргаас хоёр дахь медалиа авч байна. Тэрбээр 2023 онд Казахстанд болсон Азийн АШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн билээ.
Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-д гавьяат тамирчин Т.Тулга шагналт 5 дугаар байр эзэллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны залуу бөх, U-17 насны дэлхийн аварга, өсвөрийн Азийн аварга Сина Махди Халилид 12:2 оноогоор ялагдлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!