БЭЭЖИН, 2026 оны зургаадугаар сарын 18 /Reuters/. Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" компани хөрөнгө оруулалт татах эхний ажиллагаагаар 7.4 тэрбум гаруй ам.доллар татжээ. Энэхүү хэлцлийн дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум ам.доллароос давж, Хятадын хиймэл оюун хөгжүүлэгч хамгийн үнэ цэнтэй стартап болсон байна.
Энэхүү санхүүжилтийг "DeepSeek"-ийг үндэслэгч Лян Вэньфэнд бизнесийн үйл ажиллагаанд хяналтаа хэвээр үлдээх боломжийг олгосон тусгай схемээр зохион байгуулжээ. Хөрөнгө оруулагчдад тус компанид шууд бус, харин стартапын тэргүүний удирддаг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлөөр дамжуулан хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалт татах эхний ажиллагаанд оролцогчид өөрсдийн эзэмшиж буй хувьцааг таван жилийн хугацаанд зарахгүй байх хоригийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн бөгөөд корпорацын шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй байх аж.
Харин Хятадын Үндэсний хиймэл оюуны хөрөнгө оруулалтын санд онцгой нөхцөл үйлчлэх ажээ. "The Information" хэвлэлд мэдээлснээр, тус сан "DeepSeek"-д шууд хөрөнгө оруулсан бөгөөд санал өгөх эрхээ хадгалж, эзэмшлийн хувьцаагаа ямар нэгэн хязгаарлалтгүйгээр захиран зарцуулна.
Лян Вэньфэн хөрөнгө оруулалт татах уг шатанд өөрийн хөрөнгөөс 20 тэрбум орчим юань (2.8 тэрбум орчим ам.доллар) оруулсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Тус компанид хөрөнгө оруулах магадлалтай компаниудаар Хятадын технологийн аварга компани болох "Tencent", мөн цэнэг хураагуур үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "CATL" компани нэрлэгдэж байв. Эх сурвалжуудын мэдээлснээр, "Tencent" 10 тэрбум юань, харин "CATL" 5 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулахаар хэлэлцэж байжээ.
"DeepSeek" компани "V3", "R1" загваруудаа гаргасныхаа дараа дэлхийн технологийн зах зээлийн анхаарлын төвд орсон юм. Эдгээр загвар нь Цахиурын хөндийд өндөр үнэлгээ авч, хиймэл оюуны салбар дахь Хятад, АНУ-ын өрсөлдөөнийг улам ширүүсгэсэн билээ.
Ташрамд сануулахад, Хятадын "DeepSeek" стартап 2025 оны нэгдүгээр сард шинэ загвараа танилцуулсан нь дэлхийн хиймэл оюун ухааны зах зээлд "шок" үүсгэсэн юм. Тус аппликейшн гарсан даруйдаа "хэдхэн цагийн дотор" "App Store"-ын шилдэг үнэгүй аппликейшнуудын жагсаалтыг тэргүүлж, Америкийн технологийн компаниудын хувьцааны ханшийг унагаж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агенлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!