Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарын 100 гаруй ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчдэд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан эх орондоо "Хүнсний хувьсгал" хийх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд олон бодит шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэнд хүрэлцэн ирсэн зочид талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутгийнхаа хэрэглэгчдийн таашаалд нийцэж чаддаг ч сав баглаа боодлоо шийдэхэд хүндрэлтэй байна гэв. Мөн залуу бизнес эрхлэгчдэд банкны шалгуурыг давж, "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд олгож буй бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдах хүндрэлтэй байгаа учраас Зээлийн батлан даалтын сангийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь зөв гэдгийг хэлж байлаа.