РОМ, 2026 оны есдүгээр сарын 24 /Kazinform/. Италийн нийслэл Ром хотын дарга Роберто Гуальтьери хэлэхдээ, 2036 оны эсвэл 2040 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ өгөхөөр бэлтгэж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай Болгарын БТА агентлаг мэдээлснийг эш татан Каzinform дамжууллаа.
Түүний үзэж байгаагаар, Олимпын наадам бол эдийн засгийн ба дэд бүтцийг хөгжүүлэх томоохон хүчин зүйл юм. Хотын даргын ярьснаар, хөл бөмбөгийн “Рома” клубийн цэнгэлдэх хүрээлэнг барих төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ 2032 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх хүрээнд “Лацио” клубийн объектыг барих ажил өрнөж буй нь Ром хот Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авах боломжийг нэмэгдүүлж байна.
Сануулан дурдахад, Ром хотод 1960 онд зуны Олимпын наадам болсон билээ. Харин 2020 оны ба 2024 оны Олимпын наадмуудын эрхийг авах оролдлогууд бүтэлгүйтсэн юм. Эхний удаад төслийг засгийн газар дэмжээгүй бол дараагийн удаад тухайн үеийн хотын дарга асан Виржиния Ражи Олимп зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татжээ.
Одоогоор Ром хот Олон улсын Олимпын хороонд хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байна. Италийн хэвлэлүүдэд бичсэнээр, Италийн Үндэсний Олимпын хороо “Ром+Неаполь” гэсэн хувилбарыг судалж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр, “Милан-Кортина-2026” өвлийн Олимпын наадамтай холбоотой санхүүгийн асуудлуудыг цэгцлэх шаардлагатай байгаа нь Ром хот нэрээ дэвшүүлэхэд саад учруулах магадлалтай. Уг наадмын зардал 5 тэрбум доллароос давсан байна.
2036 онд буюу арван жилийн дараа болох зуны Олимпын наадмыг зохион байгуулахын төлөө Энэтхэг, Турк, Чили, Индонезийн хотууд өрсөлдөж байгаа бол Өмнөд Солонгос, ӨАБНУ, Унгар, Египет, Канад, Саудын Араб, Катарын хотууд нэрээ дэвшүүлэх магадлалтай байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!