Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын WBA-гийн Азийн бүсээ хамгаалах ээлжит тулаанаа Мексик Улсын шилдэг бокчин Педро Бернал Родригестэй хийж өрсөлдөгчөө итгэл төгс ялав.
Энэ тулаанд Цэндээ илэрхий давамгайлж дараалсан хүнд цохилтууд хийж хүнд байдалд оруулсаны улмаас өрсөлдөгч боксчны дасгалжуулагч нь тулааны 6 дугаар үед цагаан алчуур шидсэнээр тулаан Э.Цэндбаатарын ялалтаар өндөрлөж дараалсан 12 тулаанд ялалт байгуулсан амжилтын эзэн боллоо. Ялалтын энэ мөчид ринг дээр түүний бяцхан охид ирж аавдаа баяр хүргэсэн юм.
Ийнхүү Э.Цэндбаатар өчигдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 15-ны үдэш мэргэжлийн боксын жингийнхээ /61.2 кг/ аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа эх орондоо "АСА Арена"-д хийж гайхалтай ялалтаар монголчуудаа баярлууллаа.
Улаанбаатарт анх удаа болсон энэ тулааныг мэргэжлийн боксын шилдэг дөрвөн холбооны нэг WBA холбоо амжилттай зохион байгуулав. Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын спортод 12 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авчээ. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д, нэгийг нь ийнхүү эх орондоо хийгээд байна. Улаанбаатарын "АСА Арена"-д зохион байгуулсан энэ тулаанд Монголоос нийт 8 шилдэг тамирчин хүч үзэн өрсөлдөж 8 өөр улсын мэргэжлийн боксчдыг тус тус ялж шилдгүүд гэдгээ харууллаа.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар эх орондоо хийсэн 12 дахь тулаандаа өрсөлдөгчөө ялснаар ирэх тавдугаар сард Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх дараагийн тулаанаа хийх боломж нээгдлээ. Тэрбээр өөрийн амжилт ялалтаараа хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, амжилт руу хөтөлсөн зам гаргахыг хүсч байгаа юм.
Мөн энэ тэмцээнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт АНУ-аас ирж оролцон ээлжит өрсөлдөгчөө яллаа. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 16 тулаан хийж 13 ялж, хоёр ялагдаж, нэг тэнцээ байгаа юм. Түүнчлэн Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 6 боксчин олон улсын чансаа өндөр мэргэжлийн боксчидтой халз тулалдан ялж монгол боксчдын ур чадвар, чанар чансааг олон улсад таниулан сурталчилсан юм. Тэмцээнд:
- Э.Цэндбаатар \MGL\ vs Педро Бернал Родригес \MEX\
- Н.Төгсцогт \MGL\ vs Марк Антони \PHI\
- Б. Төгөлдөр \MGL\ vs Рахматиллоён Шарифов \UZB\
- Б. Мишээлт \MGL\ vs Сунил Кумар \IND\
- О.Бямба-Эрдэнэ \MGL\ vs Руслан Кириченко \RUS\
- X.Бекнур \MGL\ vs Токтосун Уулу Бекболсун \KGZ\
- Э.Баярсайхан \MGL\ vs Ибрахим Абдуллаев \UZB\
- X.Энх-Амар \MGL\ vs Майкл Эскобиа \PHI\ нар оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!