ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөв.
Британийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхав.
Айлчлалын үеэр Монгол, Британийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээж буйгаараа ач холбогдолтой байв.
Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероныг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон албаны бусад хүмүүс үдэв.