Тажикистаны Душанбе хотноо жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн эхэлж, эхний өдөр /2024.05.03/ эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Б.Баасанхүү, аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр Мальта, БНХАУ, Испанийн жүдочдыг ялж хэсгээ тэргүүлж, улмаар Словени, Туркийн тамирчдыг ялснаар аваргаар шалгарсан юм. Энэ жинд барилдсан ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогтоо Испанийн бөх Перез Ева-д ялагдсан.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа эхний тойрогт энэ жинд түрүүлсэн Швейцарийн жүдоч Кочер Фабиене-д ялагдаж тэмцээнээ дуусгасан. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн Узбекистан, Хорват, Германы тамирчдыг ялж хэсгээ тэргүүлж, хүрэл медалийн төлөө Бельгийн бөхийг цэвэр /иппон/ ялж хүрэл медалийн болзол хангасан ч мөнгөн медалийн төлөөх барилдаанд Канадын жүдоч Климкэит Жессика-д ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д өрсөлдсөн Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа нар 2 болон эхний тойрогтоо өрсөлдөгчдөө ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Олимпын эрхийн оноо олгох энэ удаагийн тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч хүчээ сорихоор очсон. Өнөөдөр болон маргааш манай багаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар хүч, ур чадвараа сорин барилдана.