Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Бельгийн Брюссель хотод төвтэй “Дипломат ертөнц” олон улсын сэтгүүлтэй хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2024 оны зургаадугаар сарын 4-нд байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд мэдээ мэдээлэл солилцох, тодорхой сэдвээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Монгол-Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд “Дипломат ертөнц” сэтгүүлийн тусгай дугаар гаргах аж. Уг дугаарт Монгол Улсын тухай мэдээлэл нийтлэх, мөн монголчуудын зан заншил, өв соёлыг европчуудад төдийгүй дэлхийд таниулахад хоёр тал хамтран ажиллахаар тохирлоо.
“Дипломат ертөнц” нь дэлхийн улс төр, улс орнуудын харилцааны дипломат ёс, бизнес, санхүү, урлаг, соёлын олон улсын амьдрал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлдэг, улирал тутмын сэтгүүл юм. Тиймээс эдийн засаг, улс төр, дипломат хүрээний шийдвэр гаргагчдын мэдээллийн онцгой хэрэгсэл хэмээн олон улсад үнэлэгддэг ажээ.
Уг сэтгүүлийг 2001 онд Барбара Дитрих үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө тэрбээр Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Манай улсад айлчилж буй хатагтай Барбара Дитрих Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаар зочилсон юм. Түүний хувьд “Дипломат ертөнц” хүрээлэнгийн болон “Дипломат ертөнц” сэтгүүлийн Ерөнхийлөгч, “Дэлхийн бизнесийн сахиусан тэнгэрүүдийн хөрөнгө оруулалтын форум”-ын сенатор, “Эмэгтэйчүүдийн төлөөх Дипломат ертөнц” сангийн тэргүүн, “Дипломат ертөнцийн дэлхийн урлагийн форум”-ын тэргүүлэгч зэрэг олон нийтийн байгууллагад удирдах алба хашдаг нийгмийн идэвхтэн эмэгтэйчүүдийн нэг юм.
Цахим болон хэвлэмэл хэлбэртэй “Дипломат ертөнц” сэтгүүл нь Брюссель болон түүнтэй хил залгаа хотуудад түгээгддэг байна. Энэхүү сэтгүүлийг Брюссель дэх бүх Элчин сайдын яам, Европын Парламентын бүх гишүүн, Европын Комиссын нарийн бичгийн дарга нар, Европын Зөвлөл, Бельгийн Засгийн газрын гишүүд, Бельги, Испанийн хааны гэр бүл болон бусад төрийн тэргүүн захиалан уншдаг байна. Түүнчлэн эдийн засгийн нөлөө бүхий форум, байгууллагууд, зөвлөх товчоонууд, судалгааны төвүүд зэрэг байгууллагын 20 мянга гаруй уншигчид хүрдэг ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул