Эрчим хүчний яам, Олон улсын санхүүгийн корпораци хооронд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын салхины нөөц ихтэй бүс нутагт салхин цахилгаан станцыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт хэлбэрээр зохион байгуулж ажиллах юм.
Өнөөдөр “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зураг ёслолд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов болон бусад албаны хүмүүс оролцов.
Тус гэрээ нь Олон улсын санхүүгийн корпораци, түүний зөвлөх баг нь Монгол Улсад 100 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихад шаардлагатай олон улсын жишигт нийцсэн судалгаа болон баримт бичгүүдийг бэлтгэн Эрчим хүчний яаманд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах зорилготой. Төслийн дүнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг тариф 4-5 цент буюу 135-169 төгрөгөөр нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоолол гаргаад байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийн үнэ, тарифтай харьцуулахад 2-3 дахин хямд юм.
Мөн төслийн хүрээнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчин, нийгмийн нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримтыг бэлтгэх, тендерийг үйл явцыг зохион байгуулж, шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлууд хийгдэнэ.
“Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын ногоон сан болон бусад Олон Улсын санхүүгийн арга хэлбэрээр дамжуулан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хаягдлыг багасгах, нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан.
Мөн Эрчим хүчний яам нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм.