КАТМАНДУ, 2024 оны зургаадугаар сарын 7 /BBC/. Балбын арми энэ онд Эверест болон Хималайн өөр хоёр оргилоос 11 тонн хог хаягдал, дөрвөн цогцос, нэг араг ясыг буулгасан талаараа мэдэгджээ. Цэргүүд Эверест, Нупцэ, Лхоцэ уулсаас хог хаягдал, цогцсыг буулгахад 55 хоногийн хугацаа зарцуулсан байна.
Эверестэд 50 гаруй тонн хог хаягдал, 200 гаруй цогцос бий гэсэн тооцоо байдаг. Балбын арми дэлхийн хамгийн өндөрт орших хогийн цэг гэж нэрлэгдэх болсон уулыг 2019 оноос жил бүр цэвэрлэж эхэлжээ. Түүнээс хойш таван удаагийн цэвэрлэгээний үеэр нийт 119 тонн хог хаягдал, 14 хүний цогцсыг цуглуулж буулгасан байна.
Энэ жилийн хувьд эрх баригчид уулчдад байршил тогтоох төхөөрөмж зүүх, өөрийнхөө ялгадсыг буцаан авчрах шаардлага тавих замаар хог хаягдлыг багасгаж, аврах ажиллагааг сайжруулахыг зорьжээ. Цаашид Засгийн газар хог хаягдлыг хянаж, цэвэрлэх ажилд илүү их мөнгө зарцуулах уулын байгаль хамгаалагчдын баг байгуулахаар төлөвлөж байна гэж Балбын Аялал жуулчлалын газрын уулын авиралт хариуцсан газрын захирал Ракеш Гурунг ВВС телевизэд мэдээлжээ.
Тавдугаар сард дууссан хаврын авиралтын улиралд Засгийн газраас 421 уулчинд зөвшөөрөл олгосон нь өнгөрсөн оны түүхэн дээд үзүүлэлтээс /478 зөвшөөрөл/ цөөн байсан юм. Энэ тоонд Балбын хөтөч, газарчдыг оруулдаггүй. Нийт 600 гаруй хүн энэ онд ууланд авирсан гэсэн тооцоо гарчээ. Энэ жил найман уулчин амиа алдах юм уу сураггүй болсон бол өнгөрсөн онд энэ тоо 19 байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан