Улсын хэмжээнд холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер, усны ослооос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулан ажиллаж байна.
Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын тогтоолоор зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “Улбар шар түвшин”-д шилжүүлэх шийдвэр гарч, үерийн нөхцөл байдлын үед ажиллах Шуурхай штабыг байгууллаа.
ОБЕГ-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тухай бүрт цахим хурлыг зохион байгуулж, үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлтийг нарийвчлан боловсруулах, гол, мөрөн, нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл шаардлага хүргүүлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах, гал түймрийн болон гамшгийн хяналтын улсын байцаагч нарыг томилон ажиллуулж хяналт шалгалтыг сайжруулах, шаардлагатай бараа материал, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэхийг чиглэл болгож, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ